Хууль сахиулах байгууллагын болон нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт аравдугаар сарын 17-18-ны өдөр болж байна.
Сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Хүйсийн тэгш эрх төв” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм. Зорилго нь хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТ хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бие даасан сургагч багш бэлтгэхэд оршиж байна.
ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл нээж үг хэлэхдээ “Яам болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас хүний эрх, эрх чөлөөг хангах, тэр дундаа хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, шат дараатай олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бусдыг ялгаварлан гадуурхахгүй, бүгд тэгш эрхтэй бөгөөд сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ олон нийтэд түгээж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаарай” хэмээн уриалсан.
Өнөөдөр /2024.10.17/ буюу сургалтын эхний өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба нийгмийн загварт суурилсан хандлага, хүний эрхийн үндсэн ойлголт, эрхэд суурилсан хандлага, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийг хамгаалах тогтолцоо, ЛГБТ ойлголт, тэдний сэтгэл зүйг ойлгож ажиллах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх үндсэн ойлголт, энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдод Нэг цэгийн үйлчилгээний төв болон Түр хамгаалах байраар дамжуулан үйлчилгээ үзүүлэх, ойлгож харилцах, сэтгэцийн эрүүл мэндэд нь анхаарах, тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчтэй ярилцлага хийхэд суралцах зэрэг сэдвээр хуульч, эмч, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагын 70 гаруй алба хаагч хамрагдаж, сертификат гардах юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам
UNFPA Mongolia
ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХ ТӨВ